Эрсдэлийн удирдлага, хяналтын тогтолцоо

Дотоод аудитын газар нь банк болон түүний харилцагчийн хүсэн хүлээж байгаа үр дүнг бий болгож, үйл ажиллагааны үнэ цэнийг нэмэгдүүлэх, сайжруулах зорилгоор:

  1. Банкны дотоод хяналтын тогтолцоо
  2. Эрсдэлийн удирдлагын тогтолцоо
  3. Засаглалын зарчмуудын хэрэгжилтийг

хараат бус, бодит хандлагаар баталгаажуулах, зөвлөх үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Дотоод аудитын газар нь аудитын үр дүн, ажлын тайланг ТУЗ-н дэргэдэх Аудитын хоороонд тайлагнах, Гүйцэтгэх шатны удирдлагад мэдээлэх зарчмаар ажилладаг. ТУЗ, Аудитын хороо нь дотоод аудитын хараат бус байдлыг хангах, хүний нөөцийг бэхжүүлэх шат, дараатай арга хэмжээг хэрэгжүүлэн ажилладаг.

Дотоод аудитын газар нь 2017 онд Олон улсын тэргүүн туршлагыг судлах чиглэлд The Committee of Sponsoring Organizations of the Treadway (COSO)-ийн дотоод хяналтын зарчмуудыг судалж, эдгээр зарчмын дагуу дотоод хяналтын тогтолцоог үнэлэх ажлыг хийж эхэлсэн. Мөн мэдээллийн системийн аудитыг олон улсын стандартын дагуу хийж, аудитын үр нөлөөг сайжруулан ажиллаж байна.

Эрсдэлийн удирдлагын зорилго

Тээвэр хөгжлийн банкны эрсдэлийн удирдлага нь банкны стратеги, зорилго, бизнес зорилтуудыг биелүүлэх болон оролцогч талуудын эрх ашгийг хамгаалахад нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлийг таньж мэдэх, үнэлэх, зохистой хэмжээнд бууруулах, тогтмол хянах замаар банкны үнэ цэнийг хадгалж авч үлдэх, цаашид улам өсгөхөд оршино. Банк зорилго болон зорилтууддаа хүрэхийн төлөө эрсдэл ба өгөөжийг тооцсоны үндсэн дээр нөөц бололцоо болон боломжоо үр дүнтэй ашиглах шийдвэрүүдийг гаргах нь чухал байдаг.

Эрсдэлийн удирдлагын бодлого, журам, арга аргачлал

Банк нь ТУЗ-өөс баталсан Эрсдэлийн удирдлагын бодлогын дагуу зээлийн эрсдэл, зах зээлийн эрсдэл, хөрвөх чадварын эрсдэл, үйл ажиллагаа, мэдээллийн технологийн эрсдэл, комплаенсийн эрсдэлийг удирддаг бөгөөд эдгээр эрсдэлийн төрөл тус бүрд эрсдэлийн удирдлагын процесс, үүрэг хариуцлага, хяналтын тогтолцооны талаар дэлгэрэнгүй тусгасан журам, заавар, аргачлалыг боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Эрсдэлийн аппетитийн тогтолцоо

Банк нь өөрийн эрсдэл даах чадварын хүрээнд эрсдэлийн төрөл бүрд Хүлээн зөвшөөрөх эрсдэл буюу эрсдэлийн аппетитийг тогтоож, аппетитийг мөрдөж ажиллахтай холбогдуулан Эрсдэлийн аппетитийн бодлого, мэдэгдэл, журмыг ТУЗ-өөр батлуулж, эрсдэлийн аппетитийн тогтолцоог бүрдүүлэн үйл ажиллагаандаа тогтмол мөрдлөг болгон ажиллаж байна. Банкны удирдлагууд өөрийн хариуцсан чиг үүргийн хүрээнд эрсдэлийн аппетитийн хэрэгжилтийг тогтмол хянаж шаардлагатай тохиолдолд хариу арга хэмжээ авч ажилладаг. Эрсдэлийн аппетитийн тоон хэмжигдэхүүний гүйцэтгэл болон бусад онцлох мэдээлэл, дүгнэлт санал, зөвлөмжийг агуулсан эрсдэлийн нэгдсэн тайлан холбогдох хороонуудын ээлжит хурлаар тогтмол танилцуулагддаг.

Эрсдэлийн засаглал ба соёл

Эрсдэлийн аппетитийн хүрээнд банкны өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд банкны ажилтан бүр эрсдэлээ ухамсарласан зөв хандлага, зан байдал, үйлдэл бүхий соёлыг төлөвшүүлж түгээх, эрсдэлийг банкны бүх түвшинд үр дүнтэй ба үр ашигтайгаар удирдах засаглалын зарчмуудыг мөрдөх нь нэн чухал ач холбогдолтой юм.

Бид үр дүнтэй эрсдэлийн удирдлагыг дэмжсэн засаглалыг Хамгаалалтын Гурван Бүсийн загвараар үүсгэж банкны удирдлага болон зохион байгуулалтын бүтцийн дагуу газар, нэгжүүдийн тус тусын үүрэг оролцоог тодорхойлох байдлаар эрсдэлийг удирдаж байна.