Тээвэр хөгжлийн банк нь боловсрол, оюуны хөгжлийг дэмжих нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан Mongolian International Mathematics Competition (MIMC) 2026 олон улсын математикийн олимпиадын ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж, дэлхийн хэмжээний энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулахад хувь нэмрээ орууллаа.

MIMC 2026 олимпиад нь 7.22-7.27 өдрүүдэд дэлхийн 32 орны 1,000 гаруй сурагч, багш, шүүгч, төлөөлөгчдийг хамарсан олон улсын томоохон арга хэмжээ болж, Монгол Улсыг боловсрол, соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны шинэ түвшинд таниулах чухал боломжийг бүрдүүлэв.

Олимпиадын шагнал гардуулах хүндэтгэлийн ёслолд Тээвэр хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч Э.Мөнхжаргал, Үйл ажиллагаа хариуцсан захирал Н.Түвшинжаргал нар оролцож, шилдэг оролцогчдод шагнал гардуулан, тэдний хичээл зүтгэл, амжилтыг хүндэтгэн баяр хүргэлээ.
Энэ удаагийн олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон сурагчид бахархам амжилт үзүүлж,
- 3 алтан медаль
- 15 мөнгөн медаль
- 32 хүрэл медаль
- 25 тусгай байрын шагнал, нийт 75 шагнал хүртлээ.
Мөн багийн нийлбэр дүнгээр бага ангийн ангилалд II байр, дунд ангийн ангилалд III байр эзэлсэн нь Монголын математикч сурагчдын олон улсын тавцанд гаргасан томоохон амжилтын нэг боллоо.

MIMC 2026 нь зөвхөн олон улсын математикийн олимпиадаар зогсохгүй боловсролын салбарын хөгжил, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, тээвэр логистик, худалдаа үйлчилгээ болон жижиг, дунд бизнесийн идэвхжилд эерэг нөлөө үзүүлсэн өргөн хүрээний ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө.

Тээвэр хөгжлийн банк нь боловсрол, инновац, залуу үеийн хөгжлийг дэмжих нийгмийн хариуцлагын бодлогоо тууштай хэрэгжүүлж, ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх, Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах үйлсийг цаашид ч үргэлжлүүлэн дэмжин ажиллах болно.



Харилцагч та интернэтэд холбогдсон дурын төхөөрөмжөөс банкны үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран хялбар байдлаар авах боломжтой. Та TransBank аппликэйшн татах бол доорх холбоос дээр дарна уу.
















