ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК ШУТИС-ИЙН МЕНЕЖМЕНТИЙН СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Тээвэр хөгжлийн банк болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Менежментийн сургууль хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, банк, санхүүгийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Тээвэр хөгжлийн банкийг төлөөлж Гүйцэтгэх захирлын орлогч Э.Мөнхжаргал, ШУТИС-ийн Менежментийн сургуулийг төлөөлж тус сургуулийн захирал Г.Баттүвшин нар гарын үсэг зурсан бөгөөд талууд боловсрол болон банк, санхүүгийн салбарын уялдаа холбоог бэхжүүлэх, урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааны суурийг бүрдүүлж буйгаараа онцлог юм.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд банк, санхүүгийн салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжих, оюутнуудыг ажлын бодит орчинд бэлтгэх, ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Үүнд ажлын байранд суурилсан сургалт, үйлдвэрлэлийн болон мэргэжлийн дадлага, судалгаа шинжилгээний хамтарсан төсөл, салбарын чиг хандлага, инновацид суурилсан сургалт, хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Мөн оюутнуудын мэргэжлийн чиг баримжааг зөв төлөвшүүлэх, карьерын хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр олон талт санаачилгуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.

Тээвэр хөгжлийн банк нь хүний нөөцийн хөгжлийг байгууллагын тогтвортой өсөлт, өрсөлдөх чадварын үндэс гэж үздэг бөгөөд боловсролын байгууллагуудтай урт хугацааны, харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг тууштай хэрэгжүүлэн ажилладаг. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ирээдүйн банк, санхүүгийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх, онол практикийн уялдааг бэхжүүлэх, салбарын мэдлэг туршлагыг боловсролын орчинтой холбох чиглэлээр бодитой хувь нэмэр оруулахыг зорьж байна.

TransBank аппликэйшн татах

Харилцагч та интернэтэд холбогдсон дурын төхөөрөмжөөс банкны үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран хялбар байдлаар авах боломжтой. Та TransBank аппликэйшн татах бол доорх холбоос дээр дарна уу.