ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Тээвэр хөгжлийн банк болон Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургууль боловсрол, хүний нөөцийн хөгжил, судалгаа шинжилгээ, инновац болон салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Тээвэр хөгжлийн банкийг төлөөлж Гүйцэтгэх захирлын орлогч Э.Мөнхжаргал, МУИС-ийн Бизнесийн сургуулийг төлөөлж Бизнесийн сургуулийн захирал, профессор Н.Батнасан нар гарын үсэг зурсан бөгөөд уулзалтад МУИС-ийн Бизнесийн сургуулийн салбар эрхэлсэн захирал, профессор М.Должин болон хоёр байгууллагын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд оюутан, төгсөгчдийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, ажлын байранд шаардлагатай практик чадварыг эзэмшүүлэх, үйлдвэрлэлийн дадлага, мэргэжлийн сургалт, судалгаа шинжилгээ, төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, банк, санхүүгийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах чиглэлээр олон талт хамтын ажиллагааг өрнүүлэхээр төлөвлөлөө.

Мөн оюутнуудыг бодит ажлын орчинтой эрт танилцуулах, салбарын шилдэг туршлагаас суралцах, мэргэжлийн чиг баримжаа олгох, карьер төлөвлөлтийг дэмжих, судалгаа, инновацын ажлуудыг хамтран хэрэгжүүлэх замаар их сургууль, бизнесийн байгууллагын хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах юм.

Тээвэр хөгжлийн банк нь хувь хүний чадвар, боловсролыг тогтвортой хөгжлийн суурь хүчин зүйл гэж үздэг бөгөөд ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх, залуу мэргэжилтнүүдийг дэмжих, мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилтын хүрээнд боловсролын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

TransBank аппликэйшн татах

Харилцагч та интернэтэд холбогдсон дурын төхөөрөмжөөс банкны үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран хялбар байдлаар авах боломжтой. Та TransBank аппликэйшн татах бол доорх холбоос дээр дарна уу.