分类
金融教育 新闻动态

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ДААТГАЛЫН ЗОХИЦУУЛАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРНО

Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 66 дугаар тогтоолын дагуу 2025 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалыг зөвхөн урт хугацааны даатгалын компаниар хийлгэх зохицуулалт хэрэгжиж эхэлнэ.

Тус шинэ зохицуулалтаар ипотекийн зээл шинээр авч буй иргэд болон одоогийн даатгалын гэрээний хугацаа дуусаж, сунгах тохиолдолд урт хугацааны амь насны даатгалын бүтээгдэхүүнд хамрагдах шаардлагатай болох юм.

Одоогийн нөхцөлд зээлдэгч иргэд ердийн даатгалын үйлчилгээг сонгосон учраас энэ нь зөвхөн гэнэтийн ослоор хамгаалагдсан байдаг. Гэтэл иргэдийн нас баралтын голлох шалтгаан нь өвчний шалтгаантай байгаа юм. Тиймээс хамгийн түгээмэл тохиолддог цус харвалт, хорт хавдрын өвчлөл үүссэн үед даатгал үйлчлэхгүй болдог гэсэн үг.

Ипотекийн зээлтэй иргэдийн санхүүгийн эрсдэл нь зөвхөн орлогын тогтвортой байдлаас гадна эрүүл мэндтэй шууд холбоотой. Хэрвээ өвчний улмаас зээлдэгч нас барсан тохиолдолд нөхөн төлбөр авч чадахгүй бол зээлийн үлдэгдлийг хамтран зээлдэгч төлөх үүрэг хүлээдэг. Хэрэв төлж чадахгүй бол орон сууц хураагдаж, ар гэр нь санхүүгийн дарамтад орж, байргүй болох эрсдэлтэй.

Харин урт хугацааны амь насны даатгал нь даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд зээлдэгчид эрсдэл учирсан тохиолдолд зээлийн үлдэгдэл дүнгээр нөхөн төлбөр олгох амь даатгалын бүтээгдэхүүн юм. Тодруулбал, гэрээний дагуу аливаа өвчлөл, тэр дундаа архаг хууч өвчин, хорт хавдар, мөн гэнэтийн осол зэрэг шалтгааны улмаас зээлдэгч нас барсан, хөдөлмөрийн чадвараа 70% болон түүнээс дээш хугацаагүй алдсан тохиолдолд даатгалын компани нь таны зээлийн үлдэгдлийг бүрэн нөхөн төлж, таныг болзошгүй эрсдэлээс сэргийлэх юм.

Энэхүү даатгал нь гадны компанийн давхар даатгалд хамрагдаж байгаа гэдэг утгаараа нөхөн төлбөрийг найдвартай авах боломж бүрдэж буйн дээр цаг хугацаа, газар зүйн хязгаарлалтгүйгээр дэлхий дахинд 24 цагийн турш таныг хамгаалах юм. Түүнчлэн даатгалын хураамжийг нэг удаа эсвэл жил бүр зэрэг өөрт тохирох нөхцөлөөр төлөх боломжтой бөгөөд таны нас, хүйс, зээлийн хугацаа зэргээс хамааран зөвхөн танд зориулсан хураамж тооцоолдог онцлогтой байна.

分类
金融教育 新闻动态

ЮАНИЙН ГАДААД ГҮЙЛГЭЭ ШИМТГЭЛГҮЙ БОЛЛОО

Олон улсын жишигт нийцсэн Хувийн банкны үйлчилгээ үзүүлэгч “Тээвэр хөгжлийн банк” нь харилцагчдынхаа гадаад худалдаа, бизнесийн үйл ажиллагааг дэмжих бодлогын хүрээнд Юанийн (CNY) гадаад гуйвуулгын шимтгэлийг бүрэн тэглэх урамшууллыг 2025 оны 9-р сарын 30-ныг дуустал хугацаанд зарлалаа.

Энэхүү урамшууллын хүрээнд гүйлгээний дүнгээс үл хамааран юанийн гадаад шилжүүлгийн бүх шимтгэл, хураамжийг тэглэснээр Тээвэр хөгжлийн банкны харилцагчид юанийн гүйлгээг шимтгэлгүй шилжүүлэх боломжтой боллоо.

“Тээвэр хөгжлийн банк” нь гадаад төлбөр тооцооны чиглэлээр олон улсын нэр хүндтэй 16 банктай корреспондент харилцаа тогтоож, USD, EUR, CNY, JPY, GBP, RUB, SGD, HKD, TRY зэрэг нийт 9 төрлийн валютын 33 ностро данс ашиглан шилжүүлгийг түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэж байна.

Харилцагч та “Тээвэр хөгжлийн банк”-ны өөрт ойр байрлах салбар нэгжүүд болон цахим банкны сувгаар дамжуулан гадаад гүйлгээгээ хийх боломжтой.

Гадаад төлбөр тооцооны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Харилцагчийн үйлчилгээний төв: 1800 – 9999

分类
金融教育 新闻动态

“ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК” CIPS СИСТЕМИЙН ЗҮҮН ХОЙД АЗИ ДАХЬ АНХНЫ ГИШҮҮН БАНК БОЛЛОО

Тээвэр хөгжлийн банк нь БНХАУ-ын Олон улсын банк хоорондын юанийн төлбөр тооцооны CIPS (Cross-border Interbank Payment System) системийн “Шууд оролцогч” гишүүн банкны шалгуурыг ханган Монгол улсад төдийгүй зүүн хойд Азид юанийн клиринг, төлбөр тооцоо дамжуулах системийг амжилттайгаар нэвтрүүлсэн анхны банк боллоо.

БНХАУ-ын Ардын банк буюу Төв банкны олон улсын дэвшилтэт мөнгөн гуйвуулга, төлбөр тооцооны хил дамнасан энэхүү систем нь харилцагчийн хэрэгцээ, хэв маягт тохирсон “Хурдан, Хялбар, Хэмнэлттэй” гэсэн давуу талтайгаар юанийн гүйлгээг гүйцэтгэх дэвшилтэт технологийн дэд бүтэц юм.

Одоогоор олон улсын банкнуудаас CIPS системд өөрийн данстай, түүгээрээ дамжуулж гүйлгээ илгээж, хүлээн авах эрхтэй буюу шууд оролцогч 170 банк байдаг бол эдгээр шууд оролцогчоор дамжуулан уг системд нэвтрэх эрхтэй шууд бус оролцогч 1,500 орчим банкнууд элсэн ороод байна.

Тээвэр хөгжлийн банк нь олон улсын жишигт нийцсэн хувийн банкны үйлчилгээг харилцагчдадаа хүргэх зорилгын хүрээнд CIPS системд шууд оролцогчийн давуу эрхтэйгээр элсэн орсноор дараах давуу талыг бий болгох юм.

  • Харилцагч байгууллага, иргэдэд илүү хялбар бөгөөд хурдан (бодит цагийн горимтойгоор), хямд өртөгтэй, найдвартай, аюулгүй байдлыг хангасан олон улсын төлбөр тооцооны шийдлийг санал болгох;
  • Монгол улс, БНХАУ болон бусад зүүн хойд Азийн улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих;
  • Үндэсний эдийн засгийн санхүүжилтийн сувгийг төрөлжүүлэх;
  • Монголбанкнаас баримталж буй төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг дэмжих зэрэг олон талын стратегийн ач холбогдолтой юм.

Энэхүү үйл явдал нь Тээвэр хөгжлийн банкны хувьд “Дэлхийд юанийн төлбөр тооцооны CIPS сүлжээнд нэгдсэн Монгол Улсыг төлөөлөх анхны банк” болоод зогсохгүй нийт харилцагчдын банканд хүлээлгэсэн итгэл, хариуцлагын илэрхийлэл болж байна.