分类
新资讯 新闻动态

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК ТУСГАЙ ОЛИМПИЙН ХОРООНЫ “TORCH RUN 2023” АРГА ХЭМЖЭЭГ ДЭМЖИН АЖИЛЛАЛАА

Тээвэр хөгжлийн банк нь харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээ шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлчилгээг найдвартай, түргэн шуурхай хүргэн ажилладаг Монголын ууган арилжааны банкуудын нэг билээ. Банк нь нийгэм, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, хүний эрх, ажилтнуудын хөгжил гэсэн 5 чиглэлийг голлон нийгмийн хариуцлагын бодлогоо хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэхүү бодлогын хүрээнд оюуны бэрхшээлтэй хүүхэд залуучуудад спортоор дамжуулан урам зориг өгөх, бие бялдрыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж, Монголын Тусгай Олимпийн хорооны 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Torch Run 2023” бамбар залах гүйлтийн арга хэмжээг ивээн тэтгэн хамтран ажиллалаа.

Torch Run 2023” арга хэмжээ нь оюуны бэрхшээлтэй тамирчдын оролцоог дэмжсэн, эв нэгдэл, чадварыг харуулсан баярт үйл явдал юм. Арга хэмжээнд баг тамирчид, хууль хүчний байгууллага болон Тээвэр хөгжлийн банкны төлөөллөөс бүрдсэн 500 гаруй хүмүүс гүйлтэд оролцож, бамбар залах ёслол амжилттай боллоо.

Тусгай Олимпын Хороо нь дэлхийн 190 гаруй улсын гишүүнчлэлтэй олон улсын байгууллага бөгөөд спортоор дамжуулан оюуны бэрхшээлтэй хүүхэд залуус, насанд хүрэгчдэд урам дэм өгөх зорилготой билээ.

Аливаа спортын уралдаан тэмцээн, түүнд оролцох бэлтгэл сорилт нь хүүхэд, залуусын бие махбод болоод оюун санаанд эергээр нөлөөлж, урам зоригтой, өөртөө итгэлтэй байхад нь тусалдаг билээ. Спортоор дамжуулж ирээдүйд хүн болгонд ээлтэй нийгмийг бий болгоход хүн бүр өөрсдийн зүгээс өгч чадах хувь нэмрээ оруулахыг Тээвэр хөгжлийн банкны зүгээс уриалж байна.