分类
金融教育 首页 新闻动态

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК АНУ-ЫН “BNY” БАНКАНД АМ.ДОЛЛАРЫН ДАНСАА НЭЭЛЭЭ

Тээвэр хөгжлийн банк АНУ-ын тэргүүлэгч The Bank of New York Mellon (BNY) банктай корреспондент харилцааг албан ёсоор тогтоож, Нью-Йорк дахь төв салбарт ам.долларын клирингийн дансаа амжилттай нээсэн Монгол Улс дахь анхдагч банкуудын нэг боллоо.

Дэлхийд тэргүүлэгч BNY банктай эхлүүлж буй ам.долларын гүйлгээ дамжуулах энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын хил дамнасан худалдаа, эдийн засгийн үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг үзүүлж, олон улсын төлбөр тооцоог саадгүй гүйцэтгэхэд өндөр хувь нэмэр оруулж байна. Мөн нөгөө талаас Тээвэр хөгжлийн банкны найдвартай байдлыг ийнхүү үнэлсэн нь ам.долларын гадаад төлбөр тооцооны хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлэх чухал ахиц дэвшил болж, олон улсын банкны үйл ажиллагааг шинэ түвшинд хүргэсний тод илрэл юм.

Ингэснээр банк нь BNY-аар дамжуулан дэлхийн ам.долларын төлбөр тооцооны системд шууд холбогдож харилцагчдынхаа гадаад шилжүүлгийг 2–3 дахин богино хугацаанд, илүү хялбар, хурдан, хэмнэлттэйгээр гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүллээ.

АНУ-ын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс BNY банкийг “Дэлхийн санхүүгийн системийн хувьд нөлөө бүхий банк” хэмээн тодорхойлсон байдаг бөгөөд ам.долларын олон улсын төлбөр тооцооны клирингийг гүйцэтгэдэг дэлхийн ТОП 5 банкны нэг юм. Мөн 240 гаруй жил үйл ажиллагаа тасралтгүй явуулж буй тус банкаар ашиг орлогын хэмжээгээрээ АНУ-д тэргүүлдэг 500 корпорацуудын ихэнх нь үйлчлүүлдэг төдийгүй өдгөө дэлхийд хамгийн томд тооцогдох кастодиан банк юм.