2025 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Тээвэр хөгжлийн банкны нийт актив өмнөх онтой харьцуулахад 50 хувиар өсөж, 1.7 их наяд төгрөгт хүрлээ. Эх үүсвэрийн тогтвортой өсөлтийг амжилттай ханган ажилласны үр дүнд нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс хоёр дахин нэмэгдэж 1.4 их наяд төгрөгт хүрсэн байна.
Тайлант хугацаанд мөнгөний нийлүүлэлт 9 хувиар өссөн орчинд банкны өсөлт зах зээлийн өсөлтөөс ойролцоогоор 10 дахин өндөр гүйцэтгэлтэй байв. Активын өгөөжийг нэмэгдүүлэн, зардлын үр ашгийг сайжруулсны үр дүнд цэвэр ашиг өмнөх оноос 72 хувиар өсөж 18.3 тэрбум төгрөгт хүрлээ.
Банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 44.9 хувь, зохицуулагч байгууллагаас тогтоосон өөрийн хөрөнгийн зохистой харьцааны хувьд шалгуур үзүүлэлтээс 7.9 нэгж хувиар давж, 19.9 хувьд хүрсэн нь банкны салбарт тэргүүлэх үзүүлэлтэд тооцогдож байна.
Тээвэр хөгжлийн банк нь зохицуулагч байгууллагаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг ханган ажиллаж, дотоод болон гадаад хамтын ажиллагаандаа бодит амжилтыг үзүүлэн, харилцагчдадаа урт хугацааны үнэ цэнийг бүтээн ажиллалаа.
2025 оны 3 дугаар улирлын онцлох үйл явдлаас:
- Тээвэр хөгжлийн банк нь БНХАУ-ын хил дамнасан юанийн төлбөр тооцооны үндсэн систем болох CIPS-д Шууд оролцогчоор элссэн Монгол улсын төдийгүй Зүүн хойд Ази дахь анхны арилжааны банк боллоо.
- Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарт оруулж буй бодит хувь нэмрээ үнэлүүлэн, “ТОП-100” аж ахуйн нэгжийн нэгээр гурав дахь жилдээ дараалан шалгарч, шагналаа гардан авлаа.
- Картын төлбөр тооцооны аюулгүй байдлыг хангах сүүлийн хувилбар болох PCI-DSS стандартын 4.0.1 хувилбарыг хамгийн богино хугацаанд үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүллээ.
- Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөнд багтсан дэд бүтцийн төслийг дэмжих бондын үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар анх удаа ажиллаж, бондын зорилтот санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлээд байна.
- Олон улсын үнэлгээний Fitch Ratings агентлаг банкны зээлжих зэрэглэлийн үнэлгээг шинээр тогтоон, хэтийн төлөвийг “Тогтвортой” хэмээн дүгнэлээ.
- АНУ-ын нэр хүнд бүхий The Bank of New of York Mellon (BNY Mellon)-тай корреспондент харилцаа тогтоож ам.долларын ностро дансаа амжилттай нээлээ.
- Олон улсын нэр хүндтэй Global Banking & Finance Review сэтгүүлээс “Монгол Улсын Шилдэг Хувийн Банк 2025” шагналыг хүртэж, хувийн банкны үйлчилгээний стандартыг олон улсын түвшинд хүргэснээ бататгалаа.
Бидэнтэй үргэлж хамт байдаг харилцагч, түнш, хөрөнгө оруулагч, ажилтнуудынхаа хамтын ажиллагаанд талархал илэрхийлье.
Та бүхэн санхүүгийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.

