Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ЦАХИМ БАНКНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨМЖ

Гар утсаараа төлбөр тооцоо хийх, цахим банкны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр ухаалаг утас болон цахим банкныхаа аюулгүй байдлыг хангах шаардлага нэмэгдэж буй тул харилцагч та доорх зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

Цахим банканд шинээр бүртгүүлэхдээ:

  • Цахим банканд бүртгүүлсэн таны и-мэйл хаягаар гүйлгээний баримт, нэг удаагийн нууц үг, нууц асуулт гэх мэт танин баталгаажуулах болон хамгаалалтын нууц кодууд ирж буй тул и-мэйл хаягийн нууц үгийг бусдад дамжуулахгүй байх нь маш чухал юм. Мөн банканд бүртгүүлсэн утасны дугаар, и-мэйл хаягт ирсэн аливаа баталгаажуулах кодыг бусдад бүү дамжуулаарай.
  • Цахим банканд бүртгүүлэхэд анх үүсгэж буй нэвтрэх нэрийг заавал сольж ашиглаарай! Цахим банканд нэвтрэх нууц үгийг үүсгэхдээ өөрийн овог нэр, төрсөн огноо, гар утасны дугаар, дансны дугаар гэх мэт таамаглах боломжтой, хялбар нууц үг болон нэвтрэх нэр үүсгэн ашиглахгүй байх. Нууц үгээ ямар нэг цаас, утсан дээрээ ил харагдахаар тэмдэглэж хадгалахгүй байх.

Цахим банк ашиглахдаа:

  • Интернэт банк руу хандах бүртгэлтэй төхөөрөмж болон сүүлд хандсан төхөөрөмжийн бүртгэлийг тогтмол хянаж хэвших, өөрийн ашигладаггүй төхөөрөмжийн хандах зөвшөөрлийг идэвхгүй болгох. Интернэт банк руу хандахдаа танихгүй болон найдвартай бус төхөөрөмжийг хадгалж баталгаажуулахгүй байх нь чухал юм.
  • Аливаа аппликэйшныг суулгахдаа ямар, ямар зөвшөөрөл шаардаж байгааг шалгах. Албан ёсны аппликэйшн нийлүүлэгч болох Google Play Store, Apple App Store болон Huawei Gallery store зэргээс хэрэглээний аппликэйшнуудаа татан авч ашиглаарай. Гар утсанд суулгаж буй аппликэйшн нь таны төхөөрөмж дээрх хувийн мэдээллүүдэд хандах, хадгалах, дамжуулах боломжтой байдаг тул аюулгүй байдлын тохиргоотой танилцаж хэвшээрэй.
  • Гар утас, ухаалаг төхөөрөмжөө хяналтгүй орхихгүй байх, автоматаар түгжигдэх тохиргоог хийх болон шаардлагагүй үед Bluetooth тохиргоог унтраахыг зөвлөж байна. Bluetooth асаалттай байснаар бусад хүмүүс таны гар утас эсвэл бусад ухаалаг төхөөрөмжийн зарим функцүүдийг зайнаас удирдах боломжтой болгодог гэдгийг анхаараарай!
  • Аливаа гүйлгээг хийхээсээ өмнө хүлээн авагчийн нэр, дансны дугаар болон бусад холбогдох мэдээллийг зөв бичсэн эсэхийг нягтлах, цахим банкны хуулгаа тогтмол шалган, бусдын гүйлгээний хуулга дээр үндэслэн үйлчилгээ үзүүлэхээс татгалзаарай
  • Хэрвээ та ашиглагдаж байсан гар утас худалдан авч ашиглах тохиолдолд Factory reset хийх болон шаардлагагүй аппликэйшнүүдийг устган аюулгүй байдлаа хангаарай.
  • JAILBREAK хийсэн утсыг ашиглан цахим төлбөр тооцоо хийх, хувийн мэдээллээ оруулах нь нууц үгээ алдах, вируст өртөх, албан ёсны програмын тусламж үйлчилгээг авах зэрэгт хүндрэл үүсдэг тул гар утсаа JAILBREAK эсвэл ROOT хийхээс аль болох татгалзана уу!
  • Өөрийн ашиглаж байсан ухаалаг төхөөрөмжөө бусдад ашиглуулах болон худалдах гэж байгаа бол өөрийн хувийн мэдээллийг тань хадгалж буй аппликэйшн, и-мэйл болон сануулсан нууц үг зэргийг усгтах, бүрэн reset эсхүл төхөөрөмжийг format хийн мэдээллийн аюулгүй байдлаа хангаарай!

Хэрэв та өөрийн хувийн мэдээллээ алдсан болон таны данснаас ямар нэгэн сэжигтэй гүйлгээ гарсан тохиолдолд үйлчилгээ авч буй банкны салбар нэгж эсвэл лавлах утсаар хандан үйлчилгээний эрхээ түр хязгаарлах болон цахим банкны нууц үгээ яаралтай сольж, мэдээллээ шинэчлэхийг зөвлөж байна.

Categories
Банкны түүхэн замнал, онцлох үйл явдлууд

2024 оны 8-р сар

Картын эрсдэлээс сэргийлэх 24/7 мониторингийн системийг нэвтрүүллээ.