Тээвэр хөгжлийн банк нь нийгмийн сайн сайхан, тэгш байдал, хүний эрхийг хамгаалахад чиглэсэн төсөл хөтөлбөрийг дэмжих хүрээнд Монголын Тусгай Олимпын хорооны 10 жилийн хүрээнд зохион байгуулагдсан томоохон хоёр үйл ажиллагааг дэмжин ажиллалаа.
Өнгөрсөн есдүгээр сард оюуны бэрхшээлтэй тамирчдын оролцоог дэмжсэн, эв нэгдэл, чадварыг харуулсан “Torch Run 2023” арга хэмжээг дэмжин ажиллахын сацуу үйл ажиллагаанд банкны ажилтнууд идэвх санаачилгатай оролцсон билээ. Харин өнөөдөр Тусгай Олимпын спортын төрлүүдийг сурталчлан таниулах, оюуны бэрхшээлтэй хүүхэд залуусын бие бялдрыг хөгжүүлэхэд чиглэсэн “National Game 2023” үйл ажиллагааг ивээн тэтгэж, нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.
Тусгай Олимпын Хороо нь дэлхийн 190 гаруй улсын гишүүнчлэлтэй олон улсын байгууллага бөгөөд спортоор дамжуулан оюуны бэрхшээлтэй хүүхэд залуус, насанд хүрэгчдэд урам дэм өгөх зорилготой билээ.
Аливаа спортын уралдаан тэмцээн, түүнд оролцох бэлтгэл сорилт нь хүүхэд, залуусын бие махбод болоод оюун санаанд эергээр нөлөөлж, урам зоригтой, өөртөө итгэлтэй байхад нь тусалдаг. Спортоор дамжуулан ирээдүйд хүн болгонд ээлтэй нийгмийг бий болгоход хүн бүр өөрсдийн зүгээс өгч чадах хувь нэмрээ оруулахыг Тээвэр хөгжлийн банкны зүгээс уриалж байна.
Тээвэр хөгжлийн банк нь цаашид ч нийгмийн хариуцлагын хүрээнд тэгш хүртээмжтэй нийгмийг бүтээхэд бодит хувь нэмрээ оруулан ажиллах болно.