Categories
Мэдээ мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ 2023 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Тайлант улиралд нийт хөрөнгө 1.0 их наяд төгрөгт хүрч, өмнөх улирлаас 42 тэрбум төгрөгөөр өслөө. Харилцагчдаас татан төвлөрүүлсэн харилцах, хадгаламжийн багц 24 хувиар нэмэгдэж, 545 тэрбум төгрөгт хүрэв. Банкны нийт зээлийн багц 658 тэрбум төгрөгт хүрч, 53 тэрбум төгрөгийн цэвэр өсөлттэй байна.

Тайлант хугацаанд 4.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай, банкны хөрвөх чадвар, бусад эрсдэлийн харьцаа үзүүлэлтүүд хэвийн, тогтвортой бөгөөд нийт өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа үзүүлэлт 24.3 хувь буюу Төв банкнаас тогтоосон зохистой харьцааны доод хязгаараас 12.3 нэгж хувиар, системийн дунджаас 6.5 нэгж хувиар тус тус өндөр үзүүлэлттэй байна. Тайлант хугацаанд зохистой харьцааны бусад шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа.

Тээвэр хөгжлийн банк нь картын удирдлагын системээ төлбөр тооцооны тэргүүлэгч TranzAxis платформ руу шилжүүлж, тус төлбөрийн системийг нэвтрүүлж хэрэглээнд оруулсан Монголын анхны арилжааны банк боллоо. TranzAxis системийг нэвтрүүлснээр төлбөрийн системийн шинэ боломжуудыг нээх, бизнесийн өсөлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ мэдээллийн аюулгүй байдал болон системийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангаж, харилцагчдын эрэлт хэрэгцээнд бүрэн нийцсэн санхүүгийн үйлчилгээг хүргэж, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх боломжтой болж байна.

Түүнчлэн Тээвэр хөгжлийн банк нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүртээмжтэй, эрх тэгш нийгмийг бий болгоход чиглэсэн ажлуудыг хийж эхлээд байгаа бөгөөд Монголын Тусгай олимпын хорооны үйл ажиллагааг дэмжин ажиллахаар 2 тал гэрээнд гарын үсэг зурлаа. Бидний хамтын ажиллагааны эхний арга хэмжээ “Torch Run 2023” энэ есдүгээр сард амжилттай зохион байгуулагдлаа.

2023 оны 3 дугаар улирлын санхүүгийн тайланг энд дарж үзнэ үү.