Банкны нийт активын хэмжээ 2022 оны 2 дугаар улирлын эцсийн байдлаар 837.2 тэрбум төгрөгт хүрч, 2021 оны мөн үеэс 102 хувиар өссөн ба цэвэр ашиг 9.8 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.5 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Тайлант хугацаанд банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажилласан бөгөөд нийт зээлийн багцад эзлэх чанаргүй зээл 3.1 хувь байгаа нь банкны салбарын дундаж түвшнээс харьцангуй бага үзүүлэлт юм.
Бид үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн, харилцагч нарт үйлчилгээгээ улам ойртуулах зорилгоор харилцагчийн тав тухыг хангасан, тохилог орчинтой Премиум, Сидар салбар болон Мөнх Тауэр салбаруудыг шинээр нээн үйл ажиллагаа явуулж эхлүүлснээр, нийтдээ 11 салбар нэгжтэй боллоо. Мөн 2022 оны 2 улиралд Wechat pay системээр дамжуулан төлбөр хүлээн авах үйлчилгээг Монгол Улсад анхлан нэвтрүүлснээр банкны үйлчилгээг илүү хялбар, түргэн шуурхай авах боломжтой болж байна.
Тээвэр хөгжлийн банк нь 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс “Банкны тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалт, “Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлд заасны дагуу Хаалттай Хувьцаат компани болж өөрчлөн байгуулагдсан болохыг дуулгахад таатай байна.
2022 оны 2 дугаар улирлын санхүүгийн тайланг энд дарж үзнэ үү.