Тээвэр хөгжлийн банкны Дотоод аудитын газар нь Монгол Улсын Компанийн тухай хууль, Банкны тухай хуулийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Аудитын хороонд шууд харьяалагдаж, Гүйцэтгэх удирдлагаас хараат бусаар зохион байгуулагдсан байдаг.
Дотоод аудитын үйл ажиллагааг олон улсын Дотоод аудиторуудын институт (The IIA)-аас баталсан Дотоод аудитын олон улсын стандартад нийцүүлэн ажиллаж байна.
Дотоод аудитын үндсэн чиг үүрэг, тайлагналт
Дотоод аудитын газар нь банк болон түүний харилцагчийн хүсэн хүлээж байгаа үр дүнг бий болгож, үйл ажиллагааны үнэ цэнийг нэмэгдүүлэх, сайжруулах зорилгоор банкны дотоод хяналтын тогтолцоо, эрсдэлийн удирдлагын тогтолцоо, засаглалын зарчмуудын хэрэгжилтийг хараат бус, бодит хандлагаар баталгаажуулах, зөвлөх үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл банкны бүх түвшний нэгжийн үйл ажиллагаанд аудит хийж үнэлэлт, дүгнэлт, санал, зөвлөмж өгөх замаар банкны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажилладаг.
Аудитын үр дүн, ажлын тайланг Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Аудитын хороонд тайлагнах, Гүйцэтгэх шатны удирдлагад мэдээлэх зарчмаар ажилладаг.