“Тээвэр хөгжлийн банк” нь БНХАУ-ын хил дамнасан юанийн төлбөр тооцооны систем болох (CIPS)-д “Шууд оролцогч”-оор элссэн Монгол улсын төдийгүй төв Ази дахь анхны арилжааны банк боллоо. Ингэснээр тус банк нь Монгол улсаас юанийн төлбөр тооцоог дэлхийн хаана ч найдвартай, түргэн шуурхай, бодит цагийн горимд /Real-time Gross Settlement/ гүйцэтгэх боломжийг харилцагчдадаа бүрдүүлжээ.
БНХАУ нь олон улсын зах зээлд юанийн хэрэглээг нэмэгдүүлэх, эргэлтийг хурдасгах, төлбөр тооцоогоо найдвартай гүйцэтгэх зорилгоор 2015 онд “Хил дамнасан юанийн төлбөр тооцооны үндэсний систем” (CIPS)-ийг нэвтрүүлсэн байдаг.
CIPS СИСТЕМИЙН АЧ ХОЛБОГДОЛ
- Гадаад шилжүүлгийн хурд, хялбар байдал: CIPS систем нь юанийн төлбөр тооцоог бодит цагийн горимд гүйцэтгэх боломжийг олгох бөгөөд гадаад шилжүүлгийг урьд өмнө нь байгаагүй маш богино хугацаанд, хялбар гүйцэтгэх боломжийг олгоно.
- Банк хоорондын хамтын ажиллагаа: CIPS системд 169 банк санхүүгийн байгууллага шууд оролцогчоор элсэн орсон бөгөөд олон улсад нэр хүндтэй тэдгээр байгууллагуудтай юанийн төлбөр тооцоог шууд хийх боломж бүрдэнэ.
- Банкны оролцогчдын төрөл: CIPS систем нь шууд болон шууд бус оролцогч гэсэн ангилалтай байдаг. “Шууд оролцогч” нь төлбөр тооцоог дундын банкаар дамжуулахгүйгээр гүйцэтгэх эрхтэй байдаг бол “Шууд бус оролцогч” нь дундын банкаар дамжуулан гүйцэтгэдэг гэдгээрээ ялгаатай юм.
ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ ШИНЭ АЛХАМ
“Тээвэр хөгжлийн банк” нь олон улсын жишигт нийцсэн хувийн банкны үйлчилгээг үзүүлэгч, санхүүгийн тогтвортой түнш банк байхын сацуу олон улсын зах зээлд өрсөлдөх чадвараа улам бүр нэмэгдүүлэхийг зорин ажилладаг. Энэхүү стратегийн хүрээнд банк нь олон улсын томоохон төлбөрийн системүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж, харилцагчдынхаа хэрэгцээ шаардлага, хамтын үнэ цэнийг эрхэмлэн ажиллаж байна.
CIPS системд шууд оролцогчоор элссэн энэхүү онцгой үйл явдал нь тус банкны санхүүгийн чадавхаа өндөр түвшинд бэхжүүлж, олон улсын банк санхүүгийн стандарт, зохицуулагч байгууллагын шалгуур үзүүлэлт, шаардлагыг бүрэн ханган ажилласны үр дүн юм.
“Тээвэр хөгжлийн банк” нь харилцагчдынхаа үнэт хэрэгцээг мэдэрч, итгэл төгс хамтын ажиллагаа, хөгжлийн хурдаар түүчээлж, дэлхийн түвшний банк болохоор зорьж байна.