Categories
Мэдээ мэдээлэл Мэдээ мэдээлэл

ЦАХИМ САНХҮҮГИЙН ЛУЙВРААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Санхүүгийн боловсролын олон улсын сүлжээнээс удирдан жил бүр зохион байгуулдаг арга хэмжээ болох “Дэлхийн мөнгөний долоо хоног” аян энэ жил “Мөнгөө эрсдэлээс хамгаалж, ирээдүйгээ баталгаажуулъя” уриатай зохион байгуулагдаж байна.

Тээвэр хөгжлийн банк нь аяны хүрээнд харилцагчдадаа санхүүгийн мэдээлэл олгох зорилгоор сүүлийн үед түгээмэл үйлдэгдэж байгаа цахим санхүүгийн луйвраас хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл хүргэж байна.

Фишинг (Phishing)

  • Таны хувийн мэдээллийг мэдээллийг хулгайлахын тулд Фишер нь итгэмжлэгдсэн олон нийтийн сүлжээг дуурайлган түүгээр дамжуулан хэрэглэгчээс интернэт банкны Нэвтрэх нэр, Нууц үг, CVV код, Картын дугаар, Пин код гэх мэт мэдээлэл оруулахыг шаарддаг. Та хувийн мэдээллээ олон нийтийн сүлжээнд байршуулахгүй байж, үл мэдэх эх сурвалжийн хавсралт, холбооснууд дээр дарахдаа сэрэмжтэй хандаж, холбоос линкийг сайтар нягталснаар хохирогч болохоос зайлсхийж чадах юм. Хуурамч холбоос болон хавсралт нь ихэнх тохиолдолд үг, өгүүлбэр зүйн алдаатай эсвэл линк нь албан бус нэршилтэй байдаг.

SMiShing буюу мессеж, чат луйвар

  • Мессеж, чат хүлээж авсан хүмүүс хурдан хариу үйлдэл үзүүлэх магадлалтай байдаг ба сэтгэл хөдлөл, итгэл үнэмшил дээр тулгуурлан таны хувийн мэдээллийг оруулахыг шаардсан линк, сэжиг бүхий файл, хуурамч шагнал урамшуулал, амар мөнгө олох арга замыг санал болгож таны хувийн мэдээллийг авахыг завддаг. Гар утсанд ирсэн сэжиг бүхий линк, файлыг нээхгүй байж, хувийн мэдээлэл шаардсан мессеж болон чат-д хариулахгүй байснаар хохирогч болохоос өөрийгөө хамгаалах боломжтой.

Цахим шуудангийн луйвар (Email fraud)

  • Таны байнгын харилцагч түншийн цахим шууданг судалж дуурайлган 1 үсэг, тоог өөрчлөн үүсгэсэн хуурамч хаягаар тантай холбогдож “төлбөр мөнгө хүлээж авах банк, данс өөрчлөгдлөө” гэх зэргээр хуурч, таны мөнгийг өөрийн данс руу шилжүүлэн авахыг оролддог. Ийм тохиолдолд та ирсэн мэйлийг шалгаж нягтлан, харилцагч түншийн албан ёсны утас руу заавал залгаж лавлаарай. Танд PDF болон ZIP файлууд и-мэйл хаягаар ирсэн тохиолдолд татаж авахаас өмнө заавал нягтлах шаардлагатай. Танихгүй эсвэл хуурамч хаягаас ирсэн хавсралтуудыг татаж авснаар өөрийн компьютерт байгаа хувийн мэдээллийг гэмт хэрэгтнүүдэд зүгээр өгч байгаатай адил гэдгийг анхаарах хэрэгтэй.

Харилцагч танд цахим гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхэд дөхөм болох дээрх зөвлөмжүүдийг өдөр тутамдаа хэрэгжүүлэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.