Харилцагч та цахим залилангийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж өөрийн хувийн мэдээллийг бусдад алдахгүй байх, дансандаа байршиж буй мөнгөн хөрөнгөө хамгаалах, аюулгүй байдлаа хангах үүднээс доорх зүйлсийг анхаарахыг зөвлөж байна.
Хувийн мэдээллээ дамжуулахгүй байх:
• Хуурамч сошиал хаягуудад итгэн өөрийн регистрийн дугаар, овог нэр, утасны дугаар, и-мэйл хаяг гэх мэт хувийн мэдээллүүдээ өгөхгүй байх;
• Дансны дугаар, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг зэрэг өөрийн санхүүгийн мэдээллүүдээ бусдад дамжуулахгүй байх.
Цахим залилангаас сэргийлэх:
• Зээл болон хонжвор сугалаа, буцалтгүй тусламжтай холбоотой пост, комментуудад хариу бичихгүй байх, чат мессенжерээр холбогдон мөнгө шилжүүлэхгүй байх;
• Өндөр ашиг, урамшуулал амласан сүлжээ залилангаас болгоомжлох, хураамж, төлбөр, нотолгоо зэрэг нэртэйгээр нэхэж буй мөнгийг шилжүүлэхгүй байх;
• Дансны дугаар, утасны дугаар, и-мэйл хаяг гэх мэт хувийн болон санхүүгийн мэдээллүүдээ интернэт орчинд байршуулах нь таны мэдээллийг ашиглан луйврын гүйлгээ хийгдэх, залилангийн гэмт хэрэг үйлдэгдэх өндөр эрсдэлтэй;
• Онлайн ажил нэрийдлээр таны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, дансны дугаар зэргийг авахыг хүсэх нь луйврын гүйлгээ, залилан хийх өндөр эрсдэлтэй тул ямар ч тохиолдолд татгалзах;
• Бусдыг залилах зорилготой хуурамч пост, мэдээ мэдээллүүдийг интернэт орчинд шэйр хийн түгээхгүй байх;
• Сошиал хаягуудыг сайтар нягтлан хуурамч эсэхийг шалгадаг байх, хуурамч тохиолдолд репорт хийдэг байх.
• Зээл болон бусад банкны үйлчилгээтэй холбоотой мэдээллүүдийг зөвхөн тухайн банкны албан ёсны хуудас, веб сайт болон салбар, тооцооны төвүүдээс авдаг байх;
• Банк харилцагчийнхаа мэдээллийг и-мэйлээр, утсаар болон цахим орчинд хэзээ ч асуудаггүй, шинэчилдэггүй болно;
Хэрэв танд эрсдэлийн тохиолдол үүссэн бол:
• Хэрэв та цахим залиланд өртөж мэдээллээ алдсан, хохирсон тохиолдолд нэн даруй цагдаагийн алба болон 77169999 лавлах төвд хандах, өөрт ойр байрлах салбарт өөрийн биеэр ирж мэдэгдэх;
• Төлбөрийн картаа гээж үрэгдүүлсэн тохиолдолд 77169999 лавлах төвд хандан мэдэгдэх, өөрт ойр байрлах салбарт өөрийн биеэр ирж мэдэгдэх.
Эрхэм харилцагч та цахим орчинд өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлаа сайтар ханган өөрийгөө болон бусдыг цахим гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлээрэй.