Тээвэр хөгжлийн банк нь санхүүгийн үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаруулалтаа хэмжиж, тайлагнах зорилгоор Нидерланд улсад төвтэй Нүүрстөрөгчийн Нягтлан Бодох Бүртгэлийн Санхүүгийн Түншлэлд (PCAF)-д гишүүнээр нэгдлээ.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэл нь банк, санхүүгийн байгууллагуудын хувьд томоохон эрсдэлд тооцогддог бөгөөд энэхүү эрсдэлийг үнэлж, тодорхойлох, ил тод тайлагнах улмаар болзошгүй эрсдэлийг бууруулах чиглэлд хүчин чармайлт гарган ажиллах нь санхүүгийн байгууллагуудын хувьд тэргүүлэх зорилтуудын нэг болоод байна. Энэ хүрээнд PCAF нь санхүүгийн байгууллагуудад олгосон зээл болон хөрөнгө оруулалтаасаа ялгарах хүлэмжийн хийг хэмжих, ил тод тайлагнах нэгдсэн аргачлалыг боловсруулан гаргаж өдгөө эгнээндээ дэлхийн 6 тивийн 400 гаруй банк, санхүүгийн байгууллагуудыг нэтгээд байна.
Тээвэр хөгжлийн банкны хувьд энэхүү түншлэлд нэгдэн орсноор бизнесийн үйл ажиллагаандаа шинэлэг стандартыг нэвтрүүлж үйл ажиллагаагаараа дамжуулан хүлэмжийн хийг бууруулах дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах, харилцагчийнхаа хүрээлэн буй орчинд ээлтэй бизнесийн үйл ажиллагааг дэмжих улмаар нүүрстөрөгч бага хөгжлийн замд шилжих шилжилтийг бий болгоход чухал ач холбогдолтой юм.