ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТАНИЛЦУУЛГА

Тээвэр хөгжлийн банк нь 1997 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Монголбанкнаас банкны үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авч 400.0 сая төгрөгийн дүрмийн сан, 7 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд тухайн үед зогсонги байдалд ороод байсан дэд бүтцийн тэргүүлэх салбар болох тээврийн байгууллагуудыг дэмжин хөрөнгө оруулах замаар хөгжүүлэх хэтийн зорилготойгоор ажлаа эхэлсэн.

Тээвэр хөгжлийн банк нь анхлан байгуулагдахдаа арилжааны банкуудын жишгээр төлбөр тооцоо эрхлэх, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, үнэт цаас худалдах, худалдан авах, гадаад валютын арилжаа, санхүүгийн болон хөрөнгө оруулалтын талаар зөвөлгөө өгөх, хадгаламжийн үйлчилгээ, үнэт цаас хадгалах, хадгалуулах, өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд батлан даалт гаргах зэрэг үйлчилгээ үзүүлж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас хэт хараат болж байгаа нь нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд урт хугацаанд сөргөөр нөлөөлөхөөр байгааг олон эрдэмтэд, эдийн засагчид илэрхийлсээр байна. Гол асуудал нь хэт нэг салбарыг шүтсэн, дэмжсэн бодлого нь өөр бусад салбарын гадаад дотоод зэх зээл дээрх өрсөлдөх чадварыг үгүй хийж, улмаар уул уурхайн гаралтай түүхий эдийн дэлхийн зах зээл дээрх үнийн мөчлөгийг дагаж хэлбэлзэх, ажилгүйдэл, эдийн засгийн өсөлт бууралт нь улс орны урт хугацааны тогтвортой хөгжилд саад хийсээр өдийг хүрч байна. Иймд улс орныг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхийн тулд экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, өөр хоорондоо хамааралгүй олон салбарт экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлага урган гарч байна. Энэхүү хэрэгцээ шаардлагад тулгуурлан Тээвэр хөгжлийн банк нь үйл ажиллагааны чиглэлээ доорх байдлаар томъёолон гаргасан болно. 

Банкны үйл ажиллагааны чиглэл нь эдийн засгийн эргэлт, экспорт, импортод идэвхижилт өндөртэй салбарууд болох уул уурхай, импортыг орлох үйлдвэрлэлүүд, гадаад худалдаа, засгийн газрын үйлдвэрлэл, экспортыг дэмжсэн төсөл хөтөлбөрүүд, шинэ тутам гарч ирж буй түргэн өсөлттэй салбаруудад түлхүү анхаарал хандуулан ажиллахаар төлөвлөж байгаа болно. 

Банкны үнэт зүйлс

I.  Харилцагчид: Бид харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад тулгуурласан санхүүгийн иж бүрэн, сэтгэл ханамжтай үйлчилгээг хүргэх замаар тэдний хүлээлтээс давсан чанарыг үзүүлж, улмаар санхүүгийн чадвар болон итгэл үнэмшлийг нь дээшлүүлж, үнэ цэнийг нь нэмэгдүүлнэ.

II.  Ажилтнууд: Бид банкаа гэсэн чин сэтгэлтэй, мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллагсдыг сэтгэл ханамжтай, тогтвортой, өндөр бүтээмжтэй ажиллуулах хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх замаар ажилтнуудын ажиллах хамгийн таатай орчинг бүрдүүлж, тал бүрээр дэмжин хөгжин дэвших бололцоогоор хангаж ажиллана.

III.  Нийгэм: Бид өрсөлдөх чадавхи бүхий бизнесийн байгууллагыг хөгжүүлснээр үйл ажиллагаагаа байгаль дэлхий, хүрээлэн буй орчин, хүн ардынхаа сайн сайхныг цогцлоон бүтээхэд зориулан тууштай ажиллана.

IV.  Хувь нийлүүлэгчид: Бид эрхэм зорилго ба үнэт зүйлсээ дээдлэн, үйл ажиллагааныхаа удирдлага болгон ажилласнаар хувь нийлүүлэгчдийн баялагийг нэмэгдүүлнэ.