Бид банкны үйл ажиллагааны бүхий л түвшинд банкны зохистой засаглалын үндсэн зарчмуудыг хэрэгжүүлэн ажиллах болно.

Банкны зохистой засаглалын зорилго, үндсэн зарчим:

Банкны засаглалд оролцогчдын эрх ба хууль ёсны сонирхолыг хүндэтгэж үзэж, банкны хөрөнгийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, санхүүгийн тогтвортой байдлыг хангах болон ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зэргээр банкны үйл ажиллагааны үр ашигтай байдлыг хангах нь банкны зохистой засаглалын зорилго юм.

Банкны зохистой засаглалын удирдлагын тогтолцоо нь банкны тунгалаг бөгөөд тулхтай үйл ажиллагааг удирдамж, хяналт, үндсэн чиглэл бүхий шаардлагатай бүтэц зохион байгуулалт, дотоод үйл явцаас бүрдэнэ. Уг зохистой удирдлагын тогтолцоог бид банкны хувь нийлүүлэгч, хөрөнгө оруулагчид, гүйцэтгэх шатны удирдлага, ажиллагсад зэрэг бусад сонирхол нэгтэй олон төрлийн этгээдийн этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай. Ингэснээр банкны үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах, шаардлагатай хөрөнгө нөөцийг бүрдүүлэхэд гадаад эх үүсвэрийг төвлөрүүлэх, нөөц боломжийг үр ашигтай, үр дүнтэй ашиглах боломжтой болох юм.

Банкны зохистой засаглалыг нэвтрүүлснээр бий болох үр дүн:

Сүүлийн жилүүдэд компанийн засаглалыг сайжруулах асуудалд олон улсын хэмжээнд ихээхэн анхаарал хандуулж байна. Ийнхүү анхаарал татах болсон гол шалтгаан нь олон улсын зах зээл дээрх мэргэжлийн томоохон хөрөнгө оруулагчид буюу институтциональ хөрөнгө оруулагчид компанийн сайн засаглалыг илүү ихээр шаардах болсонтой холбоотой. Тиймээс бид өсөлтийн стратегийг хэрэгжүүлэх замаар нээлттэй, тунгалаг, ил тод бодлогыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага урган гарч байна.

Банкны зохистой засаглалыг хэрэгжүүлснээр тус банкны ТУЗ-ийн бүтэц, бүрэлдэхүүнд орсон өөрчлөлт:

ТУЗ-ийг бүтэц зохион байгуулалтын хувьд өргөтгөж байгаа болно. Гол өөрчлөлт нь ТУЗ-ийн түвшинд Гүйцэтгэх удирдлагатай тодорхой асуудлаар холбогдож ажилладаг /Стратеги хөгжлийн хороо, Эрсдлийн удирдлагын хороо, Аудитын хороо, Хүний нөөцийн хороо, Урамшууллын хороо/ хороодуудыг байгуулсан ба гишүүд нь Гүйцэтгэх удирдлага, хяналтын багцыг эзэмшиж буй хувьцаа эзэмшигчдийн нөлөөнд автахгүйгээр үүргээ гүйцэтгэх чадвар бүхий гишүүдээс бүрдэж байгаа ба түүнчлэн ТУЗ-ийн хараат бус байдлыг хангаж чадах хараат бус гишүүн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд багтсан болно. Ингэснээр ТУЗ-ийн гишүүд нь банкны Гүйцэтгэх удирдлага, хяналтын багцыг эзэмшиж буй хувьцаа эзэмшигчдээс хараат бус байх байр суурийг баримтлан шаардлагатай тохиолдолд тэдэнд бодитой зөвлөмж, зөвөлгөө өгөх боломжтой болж байна. 

Ашиг сонирхолын зөрчлөөс сэргийлэх арга зам:

Банкны Гүйцэтгэх удирдлага ба Хувьцаа эзэмшигчдийн хооронд эсхүл гүйцэтгэх удирдлагын хооронд бий болсон ашиг сонирхолын зөрчил нь банкны эрх ашигт нөлөөлж байвал уг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлж, эсхүл сонирхолын зөрчил бий болсон тохиолдолд зохицуулах чадвартай байх нь банкны хэвийн үйл ажиллагааг хангах, тавьсан зорилгодоо хүрэх боломжийг бүрдүүлэн өгнө. Иймээс ТУЗ нь Гүйцэтгэх удирдлагадаа хяналт тавих, хариуцлага тооцож чаддаг байх, Гүйцэтгэх удирдлага нь ТУЗ-өөс баталсан стратегийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг, эргэж тайлагнадаг боломж бололцоог олгох зорилгоор ТУЗ-ийн гишүүдтэй хамааралгүй хүмүүсээр Гүйцэтгэх удирдлагын багийг бүрдүүлэх нь цаашид ашиг сонирхолын зөрчил гарахаас сэргийлэх хамгийн боломжит хувилбар гэж үзэж байгаа ба ийм байдлаар анхаасаа зохицуулалт хийн ажиллаж байна.