Тээвэр хөгжлийн банк хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлж 50 тэрбум төгрөгт хүргэлээ

       Арилжааны банкуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг Монголбанкны Ерөнхийлөгчийн А-58 дугаар тушаалаар 2017 оны 12-р сарын 31-ний өдрөөс өмнө 50.0 тэрбум төгрөгт хүргэхээр шинэчлэн тогтоож байсан. Тээвэр хөгжлийн банк нь энэхүү Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар өгөгдсөн үүрэг даалгаврыг дөрвөн сарын өмнө амжилттай биелүүлснээр хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ 50 тэрбум төгрөгт хүргэсэн Монголын найм дахь арилжааны банк боллоо.
       Тус банк нь банкны үйл ажиллагааны анхдагч эх үүсвэр болох хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг ийнхүү нэмэгдүүлснээр эрсдэл даах чадвараа эрс сайжруулснаас гадна, томоохон зээлдэгчидийнхээ санхүүгийн хэрэгцээг бие даан санхүүжүүлэх боломжтой болж байгаагаараа өндөр ач холбогдолтой юм.
       Тээвэр хөгжлийн банк нь үйл ажиллагааныхаа чиглэлээ шинэчлэн тогтоосон ба эдийн засгийн эргэлтэд онцгой нөлөөтэй салбарууд болох уул уурхай, импортыг орлох үйлдвэрлэл, гадаад худалдаа, экспортыг дэмжсэн төсөл хөтөлбөрүүд, шинэ тутам хөгжиж буй өсөлт өндөртэй салбаруудад чиглэсэн үйл ажиллагааг идэвхтэй явуулахаар зорилго тавин ажиллаж байна.