Уриалга

     Монголбанкнаас иргэд, байгууллага, олон нийтийн дунд “Мөнгөн тэмдэгтийг зүй зохистой, соёлтой хэрэглэх” аяныг 2017 оны 5-р сарын 02-ны өдрөөс эхлэн 2 сарын хугацаатай зохион байгуулахаар шийдвэрлэж, аяны нээлтийг Улаанбаатар хотод 5-р сарын 03-ны өдөр зохион байгуулсан.

     Энэхүү аяны зорилго нь олон нийтийн дунд мөнгөн тэмдэгтийг зүй зохистой хэрэглэх, хэрэглээний соёлд хэвшүүлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, холбогдох хууль тогтоомж, заавар журмыг таниулахад оршиж байгаа юм.

     Монгол банк нь үндэсний мөнгөн тэмдэгт “ТӨГРӨГ”-ийг хэвлүүлэх, гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах онцгой эрхтэй бөгөөд түүний нөөц аюулгүй байдлыг хангаж ажиллладаг. Энэхүү онцгой эрхийн хүрээнд төгрөгийн хүчин төгөлдөр эсэхийг тодорхойлох, гэмтэж муудсаныг солих, устгах ажлыг эрхлэн гүйцэтгэдэг.

    Монгол улсын гүйлгээнд эргэлдэж байгаа мөнгөн тэмдэгт нь хэрэглэгчдийн буруу хадгалалт, соёлгүй хэрэглээнээс шалтгаалан муудаж хүчингүй болох нь улам бүр нэмэгдсээр байна. Түүнчлэн үндэсний мөнгөн тэмдэгтийг хил гаалиар зөвшөөрөлгүй гаргах, шашины зан үйлд хэрэглэх явдал түгээмэл болсон байна.

     Иймд ард иргэд Та бүхнийг улс орныхоо тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлэгдэл болсон мөнгөн дэвсгэрттэйгээ зүй зохистой харьцаж, хүндлэн дээдлэхийг уриалж байна.

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК