Асуулт, хариулт: Монголбанкны хэвлэлийн хурлаас...2017.03.22

Асуулт, хариулт: Монголбанкны хэвлэлийн хурлаас...2017.03.22

-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд банкуудад аудит хийх асуудал байгаа. Гадны байгууллагаар аудит хийлгэхээс өмнө мэдээж дотооддоо хийсэн шалгалтууд байдаг байх. Эндээс харахад дотоодын банкны салбар эрсдэл даах чадварын хувьд ямар түвшинд байгаа гэсэн дүн гарсан бэ? Ямар байдлаар арилжааны банкуудад бүтцийн өөрчлөлт хийгдэх талаар хэлэхэд эрт байгаа ч гэсэн хүлээгдэж буй үр дүн байгаа байх?

Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан:

-ОУВС-тай хамтарсан хөтөлбөрт Монгол улс орж байгаа. Хөтөлбөрийн нэг хэсэг нь банкуудад активын үнэлгээ хийх ажил юм. Энэ нь санхүүгийн аудит хийхээс арай өөр. Банкны системийн нийт активт иж бүрэн үнэлгээ өгнө. Тэгэхээр шууд санхүүгийн аудиттай харьцуулах нь учир дутагдалтай. Монголбанкны хяналт шалгалтын үр дүн, активын иж бүрэн үнэлгээ хоёр нь төстэй үйл ажиллагаа. Миний хувийн бодлоор Монголбанкны хяналт шалгалтын үр дүн болон хөндлөнгийн активын иж бүрэн үнэлгээний үр дүн хоёр хол зөрүүтэй гарахгүй байх гэж үзэж байна.

-Саяхан ҮСХ-ноос мэдээлэл хийхдээ чанаргүй зээлийн хувь хэмжээ (2017 оны 2-р сарын байдлаар) 9.2 хувьд хүрсэн гэсэн. Харин Монголбанк мэдээлэл хийхдээ чанаргүй зээл 8.5 хувь гэж байна. Хоёр мэдээлэл яагаад ийм зөрүүтэй байна вэ?

Монголбанкны Судалгаа статистикийн газрын захирал Д.Ган-Очир:

-Чанаргүй зээлийн албан ёсны статистик мэдээллийг Монголбанк нэгтгэн гаргадаг. Энэ утгаараа Монголбанкны мэдээллийг албан ёсны эцсийн статистик гэж ойлгож болно. Банкуудын чанаргүй зээлийн үзүүлэлт нийт татан буугдсан банкийг оруулаад 8.5 хувьтай байгаа. Хоёр татан буугдсан банкыг хасвал чанаргүй зээлийн үзүүлэлт 7 хувьтай байна. Харин нийт санхүүгийн систем буюу Банк бус санхүүгийн байгууллага, ХЗХ гээд бүх мэдээллийг оруулвал чанаргүй зээлийн түвшин 7.4 хувьтай байна.

-Хөгжлийн банкны бондын эргэн төлөлтийг ямар ч асуудалгүй хийсэн чХуралдай бондын төлбөрөөс төлсөн. Энэ утгаараа дотоодын валютын зах зээл дээр гарах нөлөө нь бага байж магадгүй гэсэн таамаг байна. Энэ дээр Монголбанк ямар байр суурьтай байгаа вэ?

Монголбанкны Зах зээлийн газрын захирал Б.Батдаваа:

-Өнгөрсөн 3-р сарын 2-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газрын 7 жилийн хугацаатай үнэт цаасаар солих ажиллагаа амжилттай хийгдэж дууслаа. Солих ажиллагаандХөгжлийн банкны бонд эзэмшигчдийн 82 хувь нь оролцсон. Энэ 82 хувь нь Хөгжлийн банкны бондыг МУ-ын ЗГ-ын бондоор солихыг зөвшөөрсөн гэсэн үг. Үлдсэн 18 хувь буюу ойролцоогоор 104 сая ам.доллартай тэнцэх хэмжээний бонд эзэмшигчид нь тухайн бондыг хугацааг нь дуусгаж төлбөрөө авахаар тохиролцсон. Энэ 104 сая ам.доллартай тэнцэх хэмжээний бондод МУ-ын Засгийн газар мөн өдөр буюу 3-р сарын 2-ны өдөр нэмэлт Засгийн газрын 7 жилийн хугацаатай үнэт цаас гаргасан. Энэ бондын төлбөр тооцоо 3-р сарын 9-ний өдөр хийгдэж МУ-ын гадаад валютын улсын нөөцөд 127 сая ам.доллар орж ирсэн байгаа. Уг 127 сая ам.доллараас өчигдөр буюу 3-р сарын 21-ний өдөр 580 сая ам.долларыг сунгахыг хүсээгүй 18 хувийн бонд эзэмшигчдэд эргэн төлөлтийг хийсэн. Хөгжлийн банкны бондыг ЗГ-ын үнэт цаасаар солих ажиллагаа маань Гадаад валютын улсын нөөцөд ямар нэгэн дарамтүүсгээгүйгэдгийг хэлье. Харин эсрэгээрээ энэ бонд солих үйл ажиллагаа нь Монгол Улсад гадаад төлбөр түргэн гүйцэтгэх чадварын хувьд үүсээд байсан эргэлзээг арилгахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон. Үүний үр дүнд хөрөнгө оруулагчид болон гадаад валютын дотоодын зах зээл дээр эерэг хүлээлт бий болсон гэж хэлж болно.

-Алтны тушаалт ямархуу байдалтай байна. Энэ он гарснаар өөрчлөлт гарсан уу?

Монголбанкны Зах зээлийн газрын захирал Б.Батдаваа:

-Оны эхний 2 сарын байдлаар Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 1.5 тоннд хүрээд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.3 тонн буюу 28 хувиар өссөн үзүүлэлт юм.

-Шатахууны жижиглэнгийн үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор инфляцид ямар нэгэн нөлөө үзүүлсэн үү?

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа:

-Шатахууны үнэ дээр бага зэрэг өсөлт гарсан. Үүнд аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааны зардал нь нөлөө үзүүлдэг учраас барааны үнэд шууд шингэх талтай байдаг. Энэ нөлөөг энэ удаагийн Мөнгөний бодлогын зөвлөл хуралдажшийдвэр гаргахдаа альтернатив хувилбараар тооцооллыг хийж үзсэн. Хоёрдугаар сарын статистик мэдээллээс харахад шатахууны үнэ инфляцид үзүүлэх нөлөө бага зэрэг эерэг байна.

-ОУВС-гаас яагаад заавал банкны системд активын үнэлгээ хийх шаардлагыг тавьсан юм бол. Энэ нь өөрөө манай банкны систем тодорхой хэмжээнд эрсдэлтэй байгааг илтгэж байгаа бус уу?

Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан:

-Тухайн улсын эдийн засаг хүндэрсэн үед ОУВС-гийн хөтөлбөр хэрэгждэг. Голчлон төлбөрийн тэнцлийн хүндрэлд орсон, өрийн тогтворгүй байдалд орсон улсууд ОУВС-гийн хөтөлбөрт ордог. Яагаад ОУВС банкны системд активын иж бүрэн үнэлгээ хийх шаардлага тавьдаг вэ гэвэл эдийн засаг сэргэхийн тулд тухайн улсад санхүүгийн зуучлагчийн гол үүргийг гүйцэтгэдэг банкны систем нь эрүүл байх ёстой. Үгүй бол тухайн эдийн засаг сэргэх магадлал маш бага байдаг. Тиймээс ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж байгаа бүх улсад банкны системийг эрүүлжүүлэх нь стандарт болсон хамгийн түрүүнд авч хэрэгжүүлдэг чухал арга хэмжээний нэг юм. Энэ хүрээнд МУ-ын банкны системд активын иж бүрэн үнэлгээ хийж аливаа нэгэн доголдол байвал түүнийг илрүүлж засах гэсэн ийм л арга хэмжээ байгаа юм.

-Актив удирдлагын компани байгуулах ажил ямар шатандаа явж байна вэ?

-Актив удирдлагын компани байгуулах ажлыгмаш хурдацтай явуулж байгаа. Хуулийн төслийг бид бүхэн ойрын хугацаанд бэлэн болгож УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Уг компани нь банкны системд үүсээд байгаа чанаргүй зээлийг шийдвэрлэхэд нөлөөтэй чухал институци юм.

-Активын чанарын үнэлгээгээр хангалтгүй үнэлгээ авсан банкуудыг татан буулгана гэж ойлгож болох уу?

Монголбанкны Банкны бодлого бүтцийн өөрчлөлтийн хэлтсийн захирал Ё.Мөнхбат:

-Монголбанкнаас өөрийн хөрөнгийн харьцааг тогтоодог. Өөрийн хөрөнгийн тодорхой шалгуурыг хангахгүй болвол банкны тухай хуулийн дагуу шат дараатай арга хэмжээ авна. Өөрийн хөрөнгө нь бага дүнгээр алдагдвал бага албадлагын арга хэмжээг хэрэгжүүлнэ. Их хэмжээгээр алдагдвал бүтцийн өөрчлөлт гэх мэт арга хэмжээг авдаг. Активын чанарын үнэлгээнээс хамаарч банкны секторт цаашдаа авах арга хэмжээ тодорхой болох учраас одоохондоо хэлэхэд эрт байна.

-Долларын ханш цаашид яах вэ?

Монголбанкны Зах зээлийн газрын захирал Б.Батдаваа:

-Төв банкнаас валютын ханш чангарна суларна гэдгийг хэлэх нь зохисгүй. Энэ маань өөрөө хүлээлтэд нөлөөлдөг учраас тэр. Ерөнхийдөө гадаад валютын дотоод зах дээр гарсан эерэг өөрчлөлтүүдээс дурьдвал манай экспортын бүтээгдэхүүний орлого тэр дундаа нүүрсний экспортын орлого оны эхний 2 сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 200 гаруй сая доллараар нэмэгдсэн байгаа. Мөн Монгол улсын гадаад өрийн дарамт буурч, төлбөр түргэн гүйцэтгэх чадвартай холбоотой эерэг өөрчлөлтүүд гарсан. Нэгдүгээрт, Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг сунгах үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж энэ сарын 2-ны өдөр дуусч, өчигдөр буюу 3 сарын 21-ний өдөр төлбөр тооцоо хийгдлээ. Хоёрдугаарт, Монголбанк Хятадын ардын банкны хооронд байгуулсан своп хэлцлийн хугацааг өнгөрсөн 2 сарын 22-ний өдөр дахин 3 жилээр сунгах тохиролцоонд хүрсэн ийм үзүүлэлтүүд гарсан байгаа.

Бэлтгэсэн Б.Хулан (Монголбанкны ОНБМТ-ийн мэргэжилтэн)